- МАНДАЛА ГАРДЕН ХОТХОНД СТАНДАРТ САЙН ЗЭРЭГЛЭЛД ЦОГЦЛОХ ЁСТОЙ БҮХНИЙГ ТӨЛӨВЛӨСӨН -
Улаанбаатар хот өргөжин тэлж, хотхон төлөвлөлт хөгжихийн хэрээр амьдрах орон сууцаа сонгохдоо тухайн барилгын чанар төдийгүй төсөл хэрэгжүүлэгчийн талаар ч сайтар судлахыг зөвлөх болжээ. Тиймээс “Мандала Гарден” хотхоны төлөвлөлт, барилгын хийц, чанарын талаар ярилцахаар бид Монкон Констракшн ХХК-ийн Төслийн менежер Г.Баттүвшинтэй ярилцлаа.
- Орон сууц худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст тодорхой мэдээлэл өгөх зорилгоор тантай уулзаад байна. Та эхлээд өөрийгөө танилцуулна уу.
Намайг Г.Баттүвшин гэдэг. ШУТИС-ийг Барилгын инженер мэргэжлээр 2011 онд төгссөнөөс хойш барилга угсралт, зураг төсөл, хяналтын чиглэлээр салбартаа ажиллаж тал талын туршлага хуримтлуулсан. Одоо “Монкон Констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мандала Гарден” төслийг хариуцан ажиллаж байна.
- “Мандала Гарден” хотхоныг “цогц төлөвлөлттэй анхны хотхон” гэж тодотгож буй нь анхаарал татаж байна. Яагаад гэвэл одоо хэрэгжиж байгаа ихэнх төслийг хотхон төлөвлөлттэй гэдэг. Тэдгээрээс ямар ялгаатай юм бэ?
Хотхон төлөвлөлт гэхээр зэрэгцүүлж барьсан хэд хэдэн байшин, түүн дундаа ногоон байгууламж, цөөн тооны саравч сандал суурилуулах төдийхнөөр төсөөлдөг нь бидэн дунд тогтсон нийтлэг ойлголт. Гэвч энэ нь өрөөсгөл зүйл бөгөөд барилгын салбарынхны тогтоосон буруу жишиг юм.
Эдгээрээс ялгаатай нь “Мандала Гарден” хотхоны төлөвлөлтийг бид жижиг хэмжээний хот төлөвлөлттэй дүйцэхээр хийж байгаа. Үүнээс өмнө нь манайд “Мандала Гарден” төсөлтэй адил 15 га талбайд төсөл хэрэгжүүлсэн тохиолдол бараг л үгүй болов уу. Ийм хэмжээний талбайд хотхон барихад төдий хэмжээний дэд бүтэц шаардагдаж байгаа. Тиймээс бид инженер, дулаан, цэвэр ус, цахилгааны шугам сүлжээ зэрэг бүгдийг нь барьж байгуулна. Хамгийн гол нь газар доорх шугам сүлжээ рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой нүхэн гарц бий болгоно. Энэ нь бусад төсөлтэй харьцуулахад зардал өндөртэй боловч оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл юм. Өөрөөр хэлбэл жил бүр зам сэтэлж, газар ухаж, дулааны шугам сүлжээ засна гэдэг асуудал манай хотхонд үүсэхгүй гэсэн үг.
Түүнчлэн спорт комплекс, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэрэг хүний амьдралд хэрэгцээтэй бүх зүйл хотхон дотроо төвлөрнө. Сүүлийн үед залуу гэр бүл биднээс хамгийн эхэнд асуудаг асуулт нь “Хотхондоо гүйлтийн зам бий юу?” гэдэг болсон байна. Өмнө нь гүйлтийн замыг зөвхөн өндөр зэрэглэлийн хотхонд л барьдаг байсан бол стандарт сайн зэрэглэлийн “Мандала Гарден” хотхон гүйлтийн замтай төлөвлөгдөж байна. Эдгээр цогц төлөвлөлт нь стандарт сайн зэрэглэлийн хотхоны хувьд анхдагч болж байгаагаас гадна өндөр зэрэглэлийн хотхонд ч байдаггүй зарим нэг төлөвлөлтийг тусгасан.
Барилгын чанар болон хотхон төлөвлөлтөөр амьдрах орчны аюулгүй байдлыг бий болгохын тулд нийтийн эзэмшлийн талбайд авто машины хөдөлгөөнгүй байхаар төлөвлөсөн. Хотхоныхоо ойр орчимд хүүхэд багачууд нь аюулгүй тоглож наадаж, оршин суугчид нь амар тайван зорчих ёстой шүү дээ. Зогсоолын хувьд хотхоноо тойрсон автомашины зогсоолыг зохион байгуулж, хоёр чиглэлд дөрвөн урсгал бүхий өргөн зам төлөвлөсөн. Ингэснээр бусдын машиныг шүргэх гэхчлэн эд хөрөнгийн хохирол үүсэхээс сэргийлж байгаа юм.
- Мандала Гарден хотхоны AWT концепцийн талаар товч мэдээлэл өгвөл?
“Мандала Гарден” хотхон нь Animal, Water, Tree буюу AWT концепцтой. Ховордсон ан амьтны дурсгал байгуулж, хүүхэд залууст танин мэдүүлнэ. Мөн шатлалт хүрхрээ бүхий том хэмжээний усан оргилуур байгуулна. Хотхоны нийт талбайн 65 хувьдаа ногоон байгууламж төлөвлөсөн. Ингэж төлөвлөлт хийхэд манай хотхоны гурван талт хийц бүхий цэгэн төлөвлөлт давуу тал олгож байгаа. Цэгэн төлөвлөлтөөр барилга хооронд бие биенийхээ нарны тусгалыг халхлахгүй байхаас гадна зэрэгцээ барилгуудын айл хоорондын цонх жишүү байрлалтай болдог. Мөн агаарын урсгалыг маш сайн нэвтрүүлдэг тул дотор агаар сэлгэлт сайтай байдаг. Гадна орчны хувьд ч гэсэн ашиглалттай талбайг нэмэгдүүлдэг давуу талтай.
- Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр өндөр зэрэглэлийн хотхонтой бараг дүйцэхүйц төлөвлөлттэй юм байна. Үнийн хувьд харин хэр зэрэг ялгаатай бол?
Аль болох боломжит бүхий л хэсэгт ногоон байгууламж төлөвлөсөн. Ногоон байгууламж нь хүнд хүчилтөрөгч бэлэглэхээс гадна орчны дуу чимээг тусгаарлахад хамгийн тохиромжтой хувилбар. Цогц төлөвлөлттэй анхны хотхон гэхэд зах зээлд маш боломжийн үнэ санал болгож буй. Ирээдүйд үнэ цэн нь улам өсөх нь дамжиггүй.
- Дээр дурдсанчлан оршин суугчдад зориулсан тав тухтай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд компани ямар хэмжээний тооцоо судалгаа, цаг хугацаа зарцуулдаг вэ?
Дотоодын болон гадаадын төслүүдийг судалж, стандарт сайн зэрэглэлийн хүрээнд цогцлох ёстой бүхнийг багтаахын тулд бид хичээсэн. Ингэснээр бүх насны хүмүүст тохиромжтой төлөвлөлт болсон.
Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг Туул голоос хойшоо чиглэлд бий болгосон байдаг. Тэр хэсэгт шинээр төлөвлөлт хийх ямар ч боломж байхгүй, дахин төлөвлөлт л хийгдэнэ. Аль хэдийн хөрс, агаарын бохирдолтой бүс болчихсон. Тэгэхээр Улаанбаатар хот цаашид баруун урагшаагаа хөгжиж хүн ам, худалдаа үйлчилгээ нь төвлөрөхөөр байгаа учир Яармагт цогц төлөвлөлттэй анхны хотхоноо барихаар шийдсэн.
Судалгаа шинжилгээ, анхны зураг төсөл боловсруулалтаас авахуулаад одоогийн энэ төлөвлөлтдөө хүрэх хүртэл бүтэн нэг жилийг компани зориулсан. Одоо ч гэсэн бид барилгын салбартаа дээгүүрт бичигдэх хүний нөөц, инженер техникийн ажилтантайгаар төслөө хэрэгжүүлж байна.
- Сүүлийн үед Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл ойр ойрхон мэдрэгдэх боллоо. Тэгвэл “Монкон Констракшн” компанийн “Мандала Гарден” хотхон ямар хэмжээний газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвартай вэ?
Сүүлийн үед баригдаж буй ихэнх барилга 8 баллын газар хөдлөлтөд тэсвэрлэнэ гэж баригдаж байгаа. Тэгвэл юугаараа хоорондоо ялгарах юм бэ? Газар хөдлөлтөд ямар барилга тэсвэртэй байдаг вэ гэдэг асуулт гарч ирэх нь. Тэгэхээр хэр сайн материал ашиглаж, түүнийгээ хэдий хэмжээний чанарын хяналт дор барьж байна гэдгээр барилгууд хоорондоо ялгарна. Монголд барилга угсралт хийх 180 хоног л байдаг. Энэ хугацаанд үндсэн авах ёстой бэхжилтээ зөв авсан эсэхээр барилгын чанар хэмжигдэнэ. Бэхжилтээ зөв авахын тулд Монкон Констракшн компани өргөн бүтэц, зохион байгуулалттайгаар ажилладаг. Угсралт, чанарын хяналт, төлөвлөлтийн багаас гадна чадварлаг туслан гүйцэтгэгчидтэй хамтарна. Газар хөдлөлтийн үед шугам хоолой ч чанартай эсэх нь хэмжигддэг. Бетон зуурмаг, арматур төмөр, инженерийн шугам сүлжээндээ бид хамгийн чанартай барилгын материалуудыг ашиглаж байгаа. Тиймээс угсралтын явц хэрхэн өрнөж байгааг ирж үзэхэд нээлттэй байгаа.
- Олон жил амьдрах орон сууцаа сонгох гэж буй хүн төсөл хэрэгжүүлэгчээ судлах нь зөв гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. “Монкон Констракшн” компани өмнө нь ямар төслүүд хэрэгжүүлж байсан, ямар онцлогтой компани вэ?
Манай “Монкон Констракшн” компани барилгын салбар дундаа барилгын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг компани гэдгээр онцлогтой. Бидний одоо хэрэгжүүлж байгаа “Мандала Гарден” төсөл бол өөрийн бие даан хэрэгжүүлж байгаа орон сууцны тав дахь төсөл. Нийт 100 гаруй инженер техникийн ажилтантай мэргэшсэн, туршлагатай хамт олон. Одоогоор өөрийн болон захиалгат найман төсөл нэгэн зэрэг хэрэгжүүлж буйгаас бид ямар хэмжээний чадавхтай болох нь харагдана.
- Ярилцсанд баярлалаа.