Орон сууц худалдан авахад анхаарах зүйлс

A- A A+
Орон сууц худалдан авахад анхаарах зүйлс

Мэдээж нэгэнт байр худалдаж авч байгаа бол шинэ байранд орохыг бодох нь ойлгомжтой ч зарим тохиолдолд шинэ байр хуучнаасаа хамаагүй дор байх тохиолдол нэлээдгүй гарч байгаатай маргах хүн гарахгүй билээ. Тиймээс шинэ орон сууц авахдаа анхаарах зүйлс олон бий гэсэн үг.

Та дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу…

1. Орон сууц сонгоно гэдэг амаргүй ажил…

Орон сууц худалдан авна гэдэг бол хүнс ногоо, гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр эсвэл хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой. Зарим хүн хэдэн байр үзсэн болчхоод байр худалдан авахын хэцүүг болон ядарч залхаж байгаагаа гайхаж, сүүлдээ хальт үзсэн байраа түргэхэн авчих нь ажиглагддаг. Тэгвэл энэ бол угаасаа амаргүй ажил, тийм ч байх ёстой гэдгийг хамгийн эхэнд сануулъя. Хэсэг хугацааны турш уйгагүй байр үзэж, үнэ болоод чанарын судалгаа, харьцуулалт хийж сонгож таны илүү сайн байр авах магадлал өндөрсгөх нь мэдээж билээ.

2. Төсөв

Бүх шаардлага нөхцөлийг зуун хувь хангаж, сэтгэлд тань бүрэн нийцэх байрыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал асуудлууд дээрээ төвлөрөн сонголт хийхээс аргагүй гэдгийг бүү мартаарай.

3. Байршил.

Энэ бол орон сууцны үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай УБ шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө хүйтэн, нийтийн тээвэр нь сайн хөгжөөгүй хотод! Сүүлийн үед цөөнгүй шинэ зам, гүүр тавигдаж байгаа хэдий ч УБ хотын хүн ам хийгээд машины тоо нэмэгдсэн хэвээр байгааг санаарай. Таны хамгийн түрүүнд хийх тооцоо бол байршил хол ч хямд үнэтэй байр, байршилд сайтай төлбөрийн нөхцөл сайтай орон сууц хоёрын үр өгөөжийг дэнслэх асуудал юм. Мөн мэдээж та өөрийн ажил, хичээл сургууль, цэцэрлэг гээд гэр бүлийн гишүүдийнхээ өдөр тутмын очих шаардлагатай газруудтайгаа ойр байршлыг сонгох нь та болоод таны гэр бүлийн цаг завыг хэмнэхээс гадна асар их мөнгөний урсгалыг хэмнэх хамгийн эрүүл сонголт болдог юм шүү.

4. Эргэлзээ

Байрууд үзэж явахад танд тэр болгон таалагдахгүй, адаглаад л нэг хоёр зүйл нь сэтгэлд нийцэхгүй, нэг л эргэлзээтэй санагдаад байх вий. Үүнээс болж аятайхан байр олно гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэж бухимдах шаардлагагүй, учир нь мэдэхгүй зүйлдээ эргэлзэж үл итгэнэ гэдэг хүний сэтгэлзүйн нэг онцлог юм. Хүн байранд ороод амьдраад ирэхээр анх сул тал болон харагдаж байсан зүйлс нь ихэнхдээ нэг их мэдрэгдэхээ больчихдог тал байдаг. Тиймээс боломжийн санагдсан ч эргэлзээд байгаа байраа дахин үзэх буюу цааш судлах, сул тал бий бол үүнийг яаж шийдэх вэ гэж бүтээлчээр бодоод үзээрэй. Эсрэгээр дүгнэвэл, удаан амьдарсан байраа амаа олохгүй магтаад байгаа хүмүүс байрандаа их дассан байдгийг санахад илүүдэхгүй.

5. Ирээдүйн үнэ цэнэ

Байрны зөвхөн одоогийн нөхцөл байдлаас гадна мэдээж хэрэг ирээдүйн үнэ цэнийг бас тооцож үзэх хэрэгтэй. 2-3 жилийн дараа дэргэд нь маш сайн сургууль баригдана, эсвэл Нарны гүүр шиг шинэ гүүр эсвэл зам баригдаж хотын төвд ойртохоор бол үнэ цэнэ нь мэдээж өснө. Эсрэгээр ирээдүйд хэт олны хөлийн газар болох, ойр орчинд өндөр өндөр бүтээн байгуулалт ихээр хийгдэнэ гэвэл сайнгүй нь тодорхой. Өөрөө хэсэгтээ амьдрахгүй, хөрөнгө оруулалт болгон авч байгаа бол гадаад хийгээд дотоодын иргэдийн хөлслөхөөр сонирхдог газар, түгээмэл нөхцөл шаардлагад нийцүүлэн авбал ашигтай. Жишээлбэл, Монголд ажиллахаар ирдэг ихэнх гадаад улсын иргэд хотын төвд, шинэвтэр цэвэрхэн, харуул хамгаалалт сайтай байр хөлслөх хүсэлтэй байдаг.

6.Дулаан зогсоол

Агаарын бохирдол, замын түгжрэл зэргээс гадна машины зогсоол гэж том асуудал УБ хотод маань бий. Өвлийн ид хүйтэн ирэхэд машинтай боловч дулаан зогсоолгүй иргэдийн санаа зовдог. Хэрэв та дулаан зогсоол авах уу яах вэ гэж эргэлзэж байгаа бол, эсвэл мөнгө чинь бага зэрэг дутаад байгаа бол, ирээдүйд машинтай болох төлөвлөгөөтэй байгаа бол дулаан зогсоол буюу гараш яаж ийгээд авахыг хичээгээрэй. Монгол улс маань дулаардаггүй л юм бол үнэ цэнээ үл алдах хөрөнгө шүү.

7. Байр таалагдлаа, одоо авъя гэвэл…

Бичиг баримттай нь няхуур танилцах ёстой. Байрных нь гэрчилгээг үзэх, ЭХЭБГ-с байрны лавлагаа авч зээл, барьцаатай эсэхийг нь мэдэх, хамтран эзэмшигчидтэй бол зөвшөөрөл өгсөн эсэхийг юуны түрүүнд шалгах шаардлагатай. Хэрэв авах байр чинь шинээр ашиглалтад орсон, эсвэл худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах байр бол илүү олон бичиг баримттай улам няхуур танилцах хэрэгтэй гэсэн үг.